Генетик организм агуулсан хүнс
1261 хоногийн өмнө - 84 удаа уншигдсанБиотехнологийн дэвшлийн томоохон илрэл нь генетик аргаар өөрчилсөн организм (генетик организм) бөгөөд энэ нь ургацын гарцыг нэмэгдүүлж, түүнийг шим тэжээлээр баяжуулж, шавьж устгах бодисын хорыг багасгадаг зэрэг олон давуу талтай боловч генетик организмыг хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэж эхэлсэн нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Энэхүү олон нийтийн дургүйцэл нь хувь хүний эрүүл мэнд болон байгалийн гаралтай хоол хүнсийг илүүд үзэх гэх мэт хувийн шалтгаанаас, мөн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг нийгмийн асуудлуудаас үүдэлтэй бөгөөд одоогийн байдлаар гарган авсан генетик организмууд нь хэрэглэгчид болон байгаль орчинд хор нөлөөгүй гэдгийг эрдэмтэд баталж байгаа ч генетик организмыг анх нэвтрүүлэх үед энэ талаархи олон нийтийн мэдлэг хомс байсан бөгөөд эхний шатанд худалдан авагчдад хүрэх ашиг тус бага байснаас олон нийтэд тааламжгүй сэтгэгдэл төрүүлсэн байж болох талтай. Генетик организм агуулсан хүнсний бүтээгдэхүүн 1995 оноос хойш үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд Америкууд хүнсэндээ зарцуулж байгаа нийт мөнгөнийхөө 90 хувийг бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнд зарцуулдаг бол тэдгээр боловсруулсан бүтээгдэхүүнийх нь 70 хувь нь генетик организм агуулсан байдаг байна. 2003 оны 3 дугаар сарын байдлаар Зимбабвед 6 сая хүн, Малавид 3.2 сая хүн, Замбид 2.4 сая хүн, Мозамбикт хагас сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байсан ч Африкийн зарим орны Засгийн газар АНУ-аас санал болгосон генетик организмтай хүнсний бүтээгдэхүүний тусламжийг авахаас татгалзсан нь тухайн үедээ нилээд шуугиан дэгдээсэн билээ. Замбийн дэд ерөнхийлөгч Инок Кавиндэл Reuters агентлагт өгсөн ярилцлагандаа тус улс АНУ-ын 50 сая долларын тусламжаас татгалзсанаа мэдэгдээд энэ нь тусламжийн хүнсний бүтээгдэхүүнүүд нь генетик организм агуулсан байсантай холбоотой гэж тайлбарлажээ. Биотехнологийг хүнсний бүтээгдэхүүнд нэвтрүүлсэнтэй холбоотойгоор баримталж болох бодлогуудыг үндсэн 3 хэсэгт хувааж үзэж болно: 1. Хүнсний бүтээгдэхүүнд генетик организм хэрэглэхийг хориглох 2. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд уламжлалт болон биотехнологийн ололтыг хамтад нь хэрэглэх 3. Генетик организм агуулсан бүтээгдэхүүнийг түүнийг агуулаагүй цэвэр бүтээгдэхүүнээс ялган салгаж, генетик организм агуулсан бүтээгдэхүүнд уг бодис агуулсан талаар тэмдэглэгээ хийж, тэгснээр хэрэглэгчид энэ төрлийн мэдээллийг үндэслэж сонголт хийх боломжтой болох зэрэг юм. Эдийн засагчдын үзэж байгаагаар хүнсний бүтээгдэхүүнд генетик организм хэрэглэхийг хориглох нь тийм ч үр дүнтэй арга биш юм. Учир нь биотехнологийн дэвшлийг хүнсний бүтээгдэхүүнд нэвтрүүлснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн зардал багасдаг ба энэ төрлийн бүтээгдэхүүнийг хориглох нь худалдаанаас олж авах ашгийг багасгах талтай. Нөгөө талаас одоогоор гарган авч хэрэглэж байгаа генетик организмууд нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар нотолгоо хараахан байхгүй билээ. Харин генетик организм агуулсан болон агуулаагүй цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн үе шат бүрт ялган салгана гэдэг нь ялангуяа тариаланчид болон эхний үе шатны үйлдвэрлэгчдийн хувьд өндөр өртөгтэй ажил болох юм. Гэхдээ зарим орон, жишээлбэл Европын холбооны орнуудад хүний хэрэгцээнд зориулан үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүнд генетик организм 1 хувиас дээш хэмжээгээр орсон тохиолдолд шошгон дээр нь “генетик организм агуулсан” гэсэн тэмдэглэгээ хийхийг шаардах болсон байна. Генетик организм агуулсан хоол хүнс хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг эсэх талаар янз бүрийн судалгаа хийгдсээр байна. Дани оюутан Хинз Хогендорн (www.mercola.com) генетик организм аюулгүй эсэх талаар амьтан дээр туршилт хийсэн байна. Туршилтаа эхлэхийн өмнө тэрээр урьд нь хийгдсэн энэ төрлийн судалгааг интернэтээс хайсан боловч генетик организм үйлдвэрлэдэг компаниуд энэ төрлийн бодис сөрөг нөлөө үзүүлэхгүй гэснээс өөр ямар нэгэн эерэг тайлан мэдээ олоогүй байна. Харин доктор Арпад Пуцайгийн генетик аргаар өөрчилсөн төмс залуу хархнуудын бөөр, дэлүү, гэдэс дотрыг гэмтээдэг гэсэн судалгааны тайланг олж үзсэн байна. Тэрээр Хинз 6 долоо хоногтой 30 ширхэг эм хулганыг туршилтандаа ашиглажээ. Туршилтаа эхлэхийн өмнө бүх хулгануудыг жигнэж, том торонд хийгээд генетик организм агуулсан болон агуулаагүй 2 төрлийн эрдэнэ шиш, шар буурцгаар хооллосон байна. Хэсэг хугацааны дараа хулганууд зөвхөн генетик организм агуулаагүй цэвэр бүтээгдэхүүнийг сонгон идэж эхэлжээ. Дараагийн 9 долоо хоногийн турш мөн генетик организмтай болон организмгүй 2 төрлийн эрдэнэ шиш, шар буурцгаар хооллоход хулганууд генетик организм агуулаагүй хоолны 61 хувийг, генетик организмтай хоолны 39 хувийг идсэн байна. Хинз дараагийн туршилтандаа генетик организмтай хоол хүнсний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судалсан байна. Хулгануудаа 2 хэсэгт хуваагаад нэг хэсгийг нь генетик организм агуулаагүй цэвэр бүтээгдэхүүнээр, нөгөөг нь генетик организмтай хоолоор 10 хоногийн турш хооллосон байна. Ингээд туршилтынхаа дунд үед болон эцэст нь хулгануудаа жигнэж үзжээ. Генетик организмтай хоолоор тэжээгдсэн хулганууд их хэмжээний хоол идсэн ч туршилтын хугацаанд жин нэмээгүй бөгөөд туршилт дуусахад тэдний жин бүр багассан байна. Харин цэвэр бүтээгдэхүүнээр хооллож байсан хулганууд арай бага идэж байсан ч туршилт дуусах хүртэл жин нэмсээр байжээ. Түүнээс гадна, генетик хүнсээр хооллосон хулганууд бусадтай нь харьцуулахад илүү тогтворгүй, бачимдсан байдалтай байсан ба тороо тойрон гүйх, тор руугаа авирах зэргээр авирлаж байснаас гадна тэдгээрийн нэг нь торон дотроо үхсэн байна. Тэрээр Хинз “энэхүү туршил%D